
PROJET DÉCHETS
PROJET ÉNERGIE / CONSTRUCTION
© 2018 par Ecosoum
БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БАРИЛГА, СУУЦНЫ ДУЛААЛГЫГ ДЭМЖИХ
ТӨСЛИЙН ТУХАЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Манай эко барилгын төсөл нь 2021 оны нэгдүгээр сараас эхэлсэн ба 5 жилийн хугацаатай хэрэгжих юм.
Экосум-ын үндсэн зорилго нь байгальд ээлтэй барилгын материалын үйлдвэрлэл, сууцны зохистой дулаалгыг орон нутагтаа хөгжүүлж иргэдийн цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх юм.
Төсөл эхний хоёр жилд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд загвар барилгуудыг туршин эхлэх ба цаашид Булган аймгийн зарим сумдад дараагийн шатанд хуулбарлан хэрэгжүүлнэ.
Бидний төсөл 3 үндсэн зорилготой:
1. Шахмал шавар тоосго хийх технологийг орон нутагтаа нэвтрүүлж эко барилгын материал үйлдвэрлэх тогтмол ажлын байруудыг бий болгоно.
2. Орон нутгийн иргэдийг байшингаа дулаалах сургалт, материалаар хангахын зэрэгцээ загвар барилгуудыг стандартын дагуу дулаалж иргэдэд сууц дулаалгын нэн шаардлагыг ойлгуулна.
3. Хишиг-Өндөр суманд гарсан ололт амжилтыг Булган аймгийн зарим сумдад хуулбарлан хэрэгжүүлэх бөгөөд ШШТ-ны технологи болон сууц дулаалгын талаарх мэдээлэл бүхий сургалтын материал, бичлэгүүдийг бэлдэж олон нийтэд нээлттэй цацсанаар орон даяар түгээх боломж бүрдэнэ.
ҮНДСЭН САНХҮҮЖҮҮЛЭГЧИД, ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД
Төсөл маань Люксембургийн Байгаль, Цаг уур, Тогтвортой хөгжлийн яамны бүрэн санхүүжилтээр хэрэгжиж байна.
Харин хамтран хэрэгжүүлэгч байгууллагаар Люксембургийн ПАДЕМ Олон улсын төрийн бус байгууллага ажиллана (Programmes d’Aide et de Développement destinés aux Enfants du Monde).


ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛУУД
ШАХМАЛ ШАВАР ТООСГО ХЭВЛЭГЧ МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛ
Бид шахмал шавар тоосго (ШШТ) үйлдвэрлэх гар хэвлэгч машины эх загварыг үйлдвэрлэж эхэлснээс хойш хэд хэдэн туршилт, сайжруулалт хийсэн. Төслийн оролцогчдын хамгийн эхний ажил бол ШШТ үйлдвэрлэх машинаа өөрсдөө хамтран угсрах явдал байв. Тиймээс төслийн оролцогчид техникийн сургалтын үеэр 6 гар хэвлэгч машиныг бүрэн угсарсан. Өөрсдөө угсрах нь ирээдүйд машинаа өөрсдөө засварлаж, бүрэн ашиглаж сурахаас гадна машины технологийг сайжруулж бүтээмжийг нэмэгдүүлэх томоохон давуу талтай юм.



ОРОН НУТАГТАА ХОРШОО БАЙГУУЛЖ ЧАДАВХИЖУУЛАХ
Уг төслийн эхний жилд гарсан томоохон үр дүнгийн нэг нь орон нутагтаа шинэ хоршоо байгуулсан явдал юм. Үүсгэн байгуулагч гишүүд анхны хурлаар хоршоогоо “Эко тэмүүлэл” хэмээн нэрлэсэн. Энэхүү иргэдийн нэгдлийн зорилго нь ард иргэдийн оролцоог нэмэгдүүлж, сумынхаа сайн сайхны төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзлийг дэмжих байсан. Хоршоо маань байгуулагдсанаас хойш эхний 6 сарын хугацаанд 7000 тоосго, блок үйлдвэрлэж, хоёр барилгыг бүрэн барьж дуусгаад байна.



7000 ШАХМАЛ ШАВАР ТООСГО БОЛОН 1500 БЕТОН БЛОКЫН ҮЙЛДВЭРЛЭЛ
Шинэхэн хоршоо болох “Эко тэмүүлэл” хоршоо өнгөрсөн зуны туршид Экосум ТББ-ын техникийн зохицуулагч болон хамтрагч байгууллагын техникийн зөвлөгч нарын заавраар анхны загвар барилгыг барихад шаардлагатай 7000 шахмал шавар тоосгыг үйлдвэрлэсэн. Үндсэндээ дотоодын түүхий эдээр хийх боломжтой энэхүү тоосго хийх технологи нь цементийн агууламж багатай, дулааныг сайн барьдаг гэдгээрээ онцлог юм. Нэмж дурдахад бид "Эко тэмүүлэл" хоршоонд үйлдвэрлэлээ өргөжүүлж, бүтээгдэхүүнээ төрөлжүүлэхэд нь дэмжлэг болох үүднээс энгийн бетон блокны машин худалдаж авахад нь дэмжлэг үзүүлсэн.



АНХНЫ ЗАГВАР БАРИЛГА
Экосум ТББ-ын зүгээс Эко тэмүүлэл хоршоотой хамтран ажиллах гэрээ байгууллан хоёр барилгын ажлыг гүйцэтгэх ажлын захиалгыг өгсөн ба тус ажлыг хоршоо манай техникийн ажилчидтай хамтран гүйцэтгэсэн. Тус загвар барилгыг хоршоо өөрсдийн үйлдвэрлэсэн шахмал шавар тоосгоор барьсан. Төслийн дараагийн шатанд дулаалгын ажил дээр төвлөрөх учир загвар барилгын дулаалгыг орон нутгийн иргэдэд үзүүлэх үлгэр дулаалга болгох үүднээс энгийн бөгөөд стандартын дагуу хийхийг зорьсон.



Хоёр дахь барилга нь хоршооны үйлдвэрлэсэн 1500 ширхэг бетон блокоор хэсэгчлэн баригдсан хог хаягдлын шинэ байгууламж юм. “Эко тэмүүлэл” хоршоо нь тус барилгын зөвхөн ханыг нь бариад зогсохгүй барилгын сууриас эхлээд дотор талын ажил хүртэл бүх ажлыг хийж гүйцэтгэсэн тул манай техникийн ажилчдаас байшин барилгын талаар бүхий л ажлыг суралцах боломжтой байсан. Зарим гаднах ажлууд дутуу байгаа хэдий ч хоёр барилгын ажлыг дууссан гэж үзэж байна.



ДУЛААЛГЫН ӨРТӨГ ТООЦООЛУУР
Тус төсөл нь дулаалгын техникийн шийдлийг хялбар болгох зорилгоор дулаалгын ажлын шийдвэр гаргахад туслах тооцоолуурыг боловсруулж байна. Энэхүү судалгаа нь байшингийн дулаалгын материалыг сонгох, хэмжээг тогтооход чиглэсэн шийдвэр гаргах техникийн шийдлүүдийг багтаасан өрхүүдэд туслах интерактив хэрэгсэл юм. Одоогийн байдлаар энэхүү судалгаанд шаардлагатай ихэнх өгөгдлийг, тухайлбал, дулаалгын материалын үнийн дүн шинжилгээ, ханган нийлүүлэгчийн мэдээлэл, байшингийн нийтлэг загвар гэх мэтийг цуглуулж, үндсэн загвар нь бэлэн болоод байна. Уг хэрэгслийг удахгүй таван өрхийн байшинд туршиж, эцэслэн боловсруулж, олон нийтэд түгээх болно.



Төсөлтэй холбоотой шинэ соргог мэдээлэл авахыг хүсвэл та манай Facebook хуудсыг дагаж манай мэдээллийн товхимолыг захиалаарай.
ЭКОСУМ

© Экосум, 2021 он