ХАМТ ОЛОН

Экосум нь Хишиг-Өндөр суманд амьдарч буй монгол-франц хосын санаачлагаас төрсөн үр шим юм. 2018 оны 9 сард байгуулагдсанаас хойш, Экосум-ын баг хамт олон орон нутгийн иргэдийн сайн дурын хөдөлгөөнийг эрчимжүүлж, иргэдийн идэвхи, оролцоог нэмэгдүүлэхийн тулд хичээн ажиллаж байна.

НАРАНТУЯА

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ - ТЭРГҮҮН

Бага насаа Хишиг-Өндөр суманд өнгөрөөсөн Нараа арван жилээ төгсөөд Улаанбаатар хотод Олон Улсын Харилцаагаар суралцав. Үүний дараа Иерусалем хотод бараг гурван жил амьдрахдаа Ойрхи Дорнод, Ислам судлалаар магистрын зэрэг хамгаалан эх орондоо эргэн ирэв. Оюутан байхаасаа аваад 10 жил аялалын хөтчөөр аяласан нь түүнд эх орноо өөрийн хэмжээнд танин мэдэх боломжийг олгожээ. Тэрээр хөдөө орон нутагт байнга тулгардаг асуудлуудад шийдэл олж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах мөрөөдөлтэй нэгэн ажээ. Пиертэй уулзсаны дараа Нараа Франц явж Хүмүүнлэгийн Менежер чиглэлээр магистрт ахин суралцав. Action Against Hunger- өлсгөлөнгийн эсрэг олон улсын Төрийн бус байгууллагад 5 сар дадлага хийсний эцэст эх орондоо эргэн ирж Экосум-ыг үүсгэн байгуулах ажилдаа шамдан оржээ.

ПИЭР

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ - ЗАХИРАЛ

Пиер ажлын гараагаа байгаль орчны инженерээр эхлүүлжээ. Тэндээ гурван жил ажилласны эцэст өөрийн төрсөн нутаг Францийг орхин дэлхий тойрон аялах урт аялалд зорин гарав. Хаа сайгүй үзэгдэх байгал орчин, нийгэм эдийн засгийн асуудлуудыг аялалынхаа туршид ажигласны эцэст Пиер өөрийн үйл хэргийг олон улсын хөгжил, нийтийн эрх ашгийн асуудлуудад чиглүүлэхээр шийдэв. Францад эргэн эрээд тэрээр Парист IRIS Sup'-ийн Олон улсын төслийн менежментээр магистр суралцан дипломын ажлаа Монгол улсын бэлчээр-газар тариалангийн аж ахуйн тухай бичиж сургуулиа амжилттай дүүргэв. Дараа нь тэрээр Парис хотод "Дэлхийн эмч нар" ТББ-ын төв оффист ажиллаж мөн хүнс, хөдөө аж ахуйн бодлогын тухай ном бичих ажилд гол үүрэг гүйцэтгээд энэ ажлынхаа төгсгөлд Нараагийн хамтаар Экосум-ыг байгуулахаар Хишиг-Өндөрт ирээд байна.

САРАН

СУРГУУЛИЙН ЭКО КЛУБ-ЫН ТЭРГҮҮН, БАГШ

Саран багш Хишиг-Өндөр суманд төрж өссөн бөгөөд 1994 оноос хойш сумынхаа ЕБС-д физикийн багшаар тасралтгүй 25 жил ажиллаад байна. Хишиг-Өндөр сумын сургууль олон улсын “Эко Сургууль” хөтөлбөрт оролцож байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн хүүхэд, залуусыг тогтвортой хөгжлийн үйл ажиллагаанд уриалан оролцуулах зорилготой сургуулийн дэргэдэх Эко Клуб ч нээгджээ. Тус клубын тэргүүний хувиар Саран багш сургуулийн сурагчдад байгаль орчны тухай мэдлэг, мэдээлэл олгох ажлыг идэвхитэй зохион байгуулсаар иржээ. Хишиг-Өндөр суманд Экосум ТББ үүсгэн байгуулагдсанаас хойш Саран багш болон түүний удирддаг Эко Клуб сумынхаа хог хаягдлын асуудлаас эхлээд байгаль орчны бусад асуудлуудтай бидэнтэй хамтран тэмцэхээр нэгдээд байна. 

БААСАНДОРЖ

ХАМТЫН ФЕРМИЙН ЕРӨНХИЙ АГРОНОМИЧ

Алтангэрэлийн Баасандорж Хишиг-Өндөр суманд төрж сумандаа ЕБС-ийг дүүргээд 2009 онд Дархан-Уул аймгийн ХААИС-ийг Ерөнхий агрономич мэргэжилээр төгссөн. Баасандорж мэргэжлээрээ Монгол орны хэд хэдэн бүс, тэр дундаа Дорноговь аймаг, Улаанбаатар хотод олон жилийн турш ажилласан төдийгүй энэ хугацаанд тэрээр өөрийн салбарт багагүй туршлага хуримтлуулаад 2016 оноос сумандаа өөрийн гэр бүлийн хүлэмжийн болон ил талбайн ногоо тариалах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж эхлэжээ. Баасандорж цаашид Экосум ТББ-ийн “хамтын загвар талбай” байгуулах газар тариалангийн төсөлд зөвлөх, ерөнхий зохицуулагч, ерөнхий агрономичоор хамтран ажиллаж сумынхаа газар тариалангийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахаар шийдээд байна. 

МАНДАХНАРАН

ЭКО БАРИЛГА ХАРИУЦСАН АРХИТЕКТОР

Мандах Хишиг-Өндөр сумандаа төрж өссөн. Сумынхаа бүрэн дунд сургуулийг дүүргэсний дараа Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд Архитектор мэргэжлээр суралцаж баклавр, магистрын зэргээ хамгаалжээ. Магистрт суралцаж байх хугацаандаа өөрийн мэргэжлийн чиг хандлагыг байгаль болоод хүнд ээлтэй тогтвортой барилга руу чиглүүлж түүгээрээ судалгааны ажил эмхтгэн цаашид суралцсаар ирсэн. Одоо ШУТИС-н харьяа Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвд мэргжилтнээр ажиллаж байна. Мандах санаа зорилго нэгтэй залуустай хамтран сум, орон нутгийнхаа тогтвортой хөгжилд гар бие оролцохоор шийджээ. Тэрээр Хишиг-Өндөр суманд эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах шийдэл олох, мөн тус сумын хог хаягдал хүлээн авах цэгийн загварыг гаргах зэрэг ажилд тун идэвхитэй ажилласаар байна.

ГАНБОЛД

БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛАЛ ХАРИУЦСАН БАЙЦААГЧ

1965 онд Хишиг-Өндөр суманд төрсөн. Тэрээр Хишиг-Өндөр сумын 10 жилийн дунд сургуулийг төгсөөд Дарханы Политехникумд 2 жил суралцсан. 1985-1988 онуудад цэргийн алба хаагаад, 1988-1992 онд Хөдөө Аж Ахуйн Дээд сургуульд сурчээ. Ганболд 1996 оноос хойш сумын Засаг Даргын Тамгын Газарт байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Тэрээр байгалийн баялагийг хамгаалж, байгалийн баялагийн зүй зохистой ашиглалтанд хяналт тавьж ажилладаг. Ганболд Экосум-ын хамт олонтой үзэл санаа нийлээд зогсохгүй нэгэн зорилгын төлөөл тэмүүлж байгаа тул бидэнтэй нэгдэж байгаль хамгаалал, байгаль орчны салбарт өөрийн мэдлэг, ур чадварыг зориулан ажиллахаар шийдлээ. Ойн менежмент болон сумын төвийг зүлэгжүүлэх ажилд ихээхэн сонирхолтой тэрээр Экосум үр дүнтэй ойн менежментийн төсөл бичих ажилд тусалж байна.

ДӨЛГӨӨН

ЭКОСУМ УЛААНБААТАР БҮЛГИЙН ТЭРГҮҮН

Хүүхэд насаа Хишиг-Өндөр суманд өнгөрөөсөн ба сумынхаа бүрэн дунд сургуулийг төгссөний дараа Менежмент, Олон улсын худалдаа мэргэжлээр МУИС, Бизнесийн сургуулийг төгссөн. Бакалаврын дипломоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд гадны хөрөнгө оруулалтыг татах сэдвээр бичсэн. Ажлын гараагаа бизнесийн байгууллагаар эхлүүлсэн ч сурсан зүйлээ нийгэм, хүмүүнлэгийн салбар руу чиглүүлэн ажиллах хүсэлтэй байсан учир Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагад Хөгжлийн ажилтнаар ажилласан ба одоо Залуу гэр бүлийн өрхийн амьжиргааг дэмжих төсөл, Хүүхэд халамж ба эрүүл мэнд төслүүд дээр төслийн зохицуулагчаар ажиллаж байгаа юм. Дөлгөөн төрж өссөн сум орон нутгийнхаа тогтвортой хөгжил, ирээдүйн сайн сайхны төлөө ажиллахаар ЭкоСумын баг хамт олонтой нэгдээд байгаа билээ.

СИМОН

УС, ЭРЧИМ ХҮЧ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ИНЖЕНЕР

Симон бол байгальд хайртай, залуу Франц инженер. Тэрээр өөрийн тэргүүлэн ажиллаж байсан ТББ-ын ажлын хүрээнд Маррокогийн алслагдсан тосгонд жижиг оврын салхин сэнс барих ажилд гар бие оролцож байсан туршлагатай. Мадакаскар болон Рэүнион арлуудад усны төслүүд дээр ажиллаж, мөн Исландад байгаль орчны хэд хэдэн төслүүдэд сайн дурын ажилтнаар оролцсон Симон усны голдрил нөхөн сэргээх чиглэлээр сурч, ажиллажээ. Түүний баримтладаг зарчим, үзэл санаа нийлсний учир тэрээр өөрийн мэдлэг, чадварыг Экосумд зориулахаар шийдсэн юм. Симоны эхний ээлжинд тавьсан үндсэн зорилго нь Хишиг-Өндөр сумын иргэдэд орон нутагтаа хэрхэн бага оврын салхин сэнс барих аргаас хуваалцах, мөн хөдөө орон нутагт тохирсон бохирдол багатай жорлонгийн шийдлийг олох юм.

Бидэнтэй нэгдэхийг хүсч байна уу? Манай хаалга үргэлж нээлттэй. Бид таныг хүлээж байна.