PROJET DÉCHETS
PROJET ÉNERGIE / CONSTRUCTION
© 2018 par Ecosoum
ХОГ ХАЯГДЛЫН ГАРЦЫГ БУУРУУЛАХ БОЛОН ХОГ ХАЯГДЛЫН ЗОХИЦУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ
ТӨСЛИЙН ТУХАЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Экосум хог хаягдлын менежментийн асуудалд байгуулагдсан цагаасаа л анхаарал хандуулан ажиллаж байгаа билээ.
2020 оны хоёрдугаар хагасаас эхлэн бид үйл ажиллагаагаа дөрвөн хамтрагч байгууллагатайгаар 4 жилийн хугацаанд хэрэгжих “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн нэгэн хэсэг болон явуулж байна.
Энэхүү өргөн цар хүрээнд Экосум-ын үндсэн зорилго нь Хишиг-Өндөр суманд хог хаягдлын гарцыг багасгах, эх үүсвэр дээр нь ангилах, дахин боловсруулах арга замаар хоггүй сум болохын төлөө зорьж хог хаягдлыг зохистой зохицуулах үр ашигтай, тогтвортой ажиллах төв цэгтэй болох юм.
Бидний төсөл 3 үндсэн зорилготой:
1. Cумын иргэд, албан байгууллагуудын хог хаягдлын талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлж шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаснаар хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бодитой, сайн ангилдаг болох.
2. Aнгилсан дахиваруудыг орон нутгийн сувгуудаар эсвэл төвлөрсөн үйлдвэрүүд болох үйлдвэрлэгчид (дахин ашиглах зорилгоор) рүү тээвэрлэх замаар зохистой зохицуулах төв цэгийг барьж байгуулах.
3. Бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд сав баглаа боодол, нэг удаагийн хэрэглээний бүтээгдэхүүнээр үүсгэдэг хог хаягдлын хэмжээгээ багасгах шаардлага хүргүүлэхэд шаардлагатай тоон мэдээ цуглуулж кампанит ажил өрнүүлэх.
ҮНДСЭН САНХҮҮЖҮҮЛЭГЧИД, ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД
Бид хамгийн эхний ажлуудаа хувь хүмүүс, Азийн Сан, Хишиг-Өндөр сумын Засаг Даргын Тамгын Газрын санхүүгийн дэмжлэгийн ачаар хэрэгжүүлж байлаа.
Харин дээр дурдсан төслийн нэгэн хэсэг болсноор бид үйл ажиллагаагаа Европын Холбооны SWITCH-Asia II хөтөлбөрийн үндсэн санхүүжилт, Чехийн Элчин Сайдын Яам, Булган аймаг, Хишиг-Өндөр сумын хамтарсан санхүүжүүлтээр явуулж байна.
Төслийг хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд маань Каритас Чех Репаблик ТББ, Монголын Байгаль орчин, аюулгүй байдлын төв, Монголын тогтвортой хөгжлийн гүүр ТББ болон Чехийн Усны судалгааны төв.
ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛУУД
СУМЫН ИРГЭД, БАЙГУУЛЛАГУУДАД ХОГ ХАЯГДЛЫН ТАЛААРХ МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ ОЛГОХ
Төсөл хэрэгжиж эхлэхээс л бид эхний ажлуудаа сумын иргэд болон байгууллагуудын (захиргаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэг) ажилчдад хог хаягдалтай холбоотой мэдлэг, мэдээлэл олгоход чиглүүлсээр ирсэн. Хамгийн чухал гэсэн мэдээллийг бид өөрсдийн вэб хуудас дээрх тусгайлан бэлтгэсэн хуудсанд байрлуулсан байгаа. Мөн бид байнгын уулзалт, хэлэлцүүлэг хамгийн үр дүнтэй гэж итгэдэг учраас мэдлэг, мэдээлэл олгох үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулж байна.
МЭДЛЭГ МЭДЭЭЛЭЛ ОЛГОХ МАТЕРИАЛ БЭЛТГЭХ
Бид мэдлэг, мэдээлэл олгоход ашиглахаар хог хаягдлын ерөнхий асуудал болон Хишиг-Өндөр сумын хог хаягдалтай холбоотой олон төрлийн материалуудыг бэлтгэж гаргасан. Манай вэб хаяг дээрх хог хаядалд тусгайлан зориулсан хуудсаас гадна гэртээ хог хаягдлаа хэрхэн ангилах тухай дэлгэрэнгүй тайлбарласан гарын авлагыг бэлдэж, хэвлэн тараасан байгаа. Манай ажилтнууд гэртээ хэрхэн хогоо ангилдгийг үлгэрчлэн харуулсан бичлэг болон Тэг хаягдал, тойрог эдийн засаг тайлангийн гол агуулга, зөвлөмжийг багтаасан богино ярилцлага бичлэгийг мөн гаргасан. Мөн түүнчлэн Эд зүйлсийн түүх төслийн хоёр богино хэмжээний кино, мөн “Хуванцарын түүх” бүрэн хэмжээний 90 минутын баримтат киног орчуулж, дуу оруулан сургалтууддаа ашиглаж байна.
СУДАЛГАА БОЛОН ЗӨВЛӨМЖ ТАЙЛАНГУУД
Хишиг-Өндөр суманд тохирсон хог хаягдлыг зохистой зохицуулах төв цэгийн зохион байгуулалт, бүтцийг оновчтой гаргахын тулд бид хэд хэдэн нарийвчилсан судалгааг тооллогын болон хамаатай талуудтай дэлгэрэнгүй ярилцлага хийх гэх мэт аргуудаар хийсэн. Мөн Хишиг-Өндөр сумын хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, цаашлаад үндэсний хэмжээнд хог хаягдлын хямралтай хэрхэн ажиллах талаар зөвлөмж тайлангуудыг гаргасан. Тэдгээрийг бид вэб хуудсандаа байрлуулсан тул уншиж, танилцаарай.
НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ, ОРОН НУТГИЙН УДИРДЛАГЫГ ДЭМЖИХ
Хог хаягдлын менежментийг бодитой ажлуудаар сайжруулахыг уриалсан нөлөөллийн ажил маань яваандаа орон нутгийн удирдлагууд болон манай байгууллагын хооронд итгэл хүлээлгэсэн бодитой, тогтвортой хамтын ажиллагаа болж хувирсан билээ. Хог хаягдлын менежменттэй холбоотой бүхий л хэлэлцүүлэг, шийдвэрт Экосум байнга оролцдог болсон бөгөөд бидний зүгээс чадах бүхнээрээ дэмжлэг болон ажиллаж байна.
ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭ
Экосум хог хаягдалд бохирдсон бүх талбайг цэвэрлэж, сумын төвийн төвлөрсөн хогийн цэгийн талбайг бууруулахаар зорьж байгаа бөгөөд хоггүй сум болохын төлөө олон нийтийн цэвэрлэгээний ажлуудыг зохион байгуулж, дэмжих зэргээр ажиллах болно.
ХОГ АНГИЛАХ САВНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТАРААЛТ
Иргэд, албан газруудад хогоо эх үүсвэр дээр нь ангилдаг хариуцлагатай дадлыг хэвшүүлэх явцыг хялбаршуулахын тулд шаардлагатай төхөөрөмжөөр хангах шаардлагатай гэж бид үзсэн. Экосум 100 гаруй өрхийн хог ангилах сав үйлдвэрлэж сумын төвийн дийлэнх өрхүүдэд тараагаад байна. Цаашид албан байгууллагуудад ч хогоо эх үүсвэр дээр нь зохистой ангилдаг болоход нь дэмжлэг үзүүлэх болно.
НЭГ УДААГИЙН ХУВАНЦАР БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙГ ДАХИН ХЭРЭГЛЭГДЭХ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ОРЛУУЛАХ
Хог хаягдлын гарцыг бууруулах нь дахин боловсруулахаас үр дүнтэй, чухал ач холбогдолтой тул бид нэг удаагийн бүтээгдэхүүнээс татгалзаж дахин хэрэглэгдэх бүтээгдэхүүнд шилжихийг уриалдаг билээ. Манай байгууллагаас энэ зорилгоор хийсэн эхний ажил нь сумын эмнэлэг, цэцэрлэгт их хэмжээгээр хэрэглэдэг нэг удаагийн гялгар уутан улавчийг даавуун улавчаар солихыг уриалж даавуун улавч хандивласан. Энэ мэтээр бид ажлаа үргэлжлүүлэх болно.
ХОГ ХАЯГДАЛ ЗОХИЦУУЛАХ ТӨВИЙН БАРИЛГЫН АЖИЛ, АШИГЛАЛТ
Бид Хишиг-Өндөр суманд хог хаягдал зохицуулах шинэхэн төвийг барьж байгууллаа. Одоо тус төвд суманд үүссэн хог хаягдлыг цуглуулж орон нутагтаа боловсруулах болон Улаанбаатарын дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүргэхэд зориулж нарийвчлан ангилж байна. Эцсийн зорилго маань сумын бүх хог хаягдлыг хогийн цэг болон байгаль орчинд бохирдол үүсгэхгүйгээр тус төвөөр дамжуулан зохицуулах юм.
ДАХИВАР ХАЯГДАЛ ДАХИН БОЛОВСРУУЛАХ МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАН АВАЛТ
Орон нутагтаа аль болох их хэмжээний хуванцар дахин боловсруулах зорилгоор бид зарим жижиг оврын машинуудыг (бутлагч, шахагч, хавтан шахагч…) үйлдвэрлэж, нэмэлт машинуудыг худалдан авсан. Дахин боловсруулах эхний туршилтууд хийгдсэн бөгөөд иргэдэд хэрэгтэй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд цаашид туршин ажиллах болно. Мөн эмнэлэгийн хог хаягдал зохицуулах автоклав-ыг худалдан авч сумын эмнэлэгт аюултай хог хаягдлаа зохистой зохицуулахад нь зориулж хүлээлгэн өглөө.
ТӨВЛӨРСӨН ХОГИЙН ЦЭГИЙН ЗОХИСТОЙ АШИГЛАЛТ
Хишиг-Өндөр сумын төвлөрсөн хогийн цэг маш ихээр тэлж, хог эмх замбараагүй тархсан тул бид хогийг бөөгнүүлж цэвэрлэн бохирдсон талбайг хумихыг зөвлөж байсан. Дараагийн алхам нь хуучин цэгийг эмхлэн хааж, шинээр зохистой ашиглах ландфилл үүсгэх юм. Тус цэгийг байгуулах ажилд бид анхнаас нь оролцсон бөгөөд цаашид Экосум Хишиг-Өндөр сумын хог хаягдал зохицуулах төв төдийгүй шинэ хогийн цэгийн ашиглалтыг хариуцан ажиллана.
БУСАД СУМДАД АШИГЛАХ ЦОГЦ ГАРЫН АВЛАГА
Бидний үндсэн зорилго Хишиг-Өндөр сумыг сумдад үлгэр жишээ үзүүлэх загвар сум болгох анхдагч төсөл хэрэгжүүлэх байсан тул бид өөрсдийн туршлага, алдаа дутагдал, ололт амжилтад суурилсан хялбараар ашиглах боломжтой цогц гарын авлагыг сумдын удирдлага, иргэний байгууллагуудад зориулж гаргасан байгаа. Тус гарын авлагад хуулбарлан хэрэгжүүлэх боломжтой жишээнүүд болон сүүлийн жилүүдэд Экосум-ын бэлтгэн гаргасан бүх бичиг баримтуудыг багтаасан нь сумынхаа хог хаягдал зохицуулалтыг сайжруулах хүсэлтэй хэн бүхнийг шаардлагатай үндсэн мэдээллээр хангах юм.
БУСАД СУМДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖҮҮД, ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ
Хишиг-Өндөр суманд үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ бид бусад сумдад ч дэмжлэг үзүүлэхийг хичээсээр ирсэн. Булган аймгийн төв Булган суманд зориулсан хог хаягдал зохицуулах тогтолцоогоо хэрхэн сайжруулах талаар зөвлөмж тайланг бэлтгэсэн бөгөөд шинэ төлөвлөгөөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд нь хамтран ажиллана. Мөн бидэнтэй холбогдож дэмжлэг хүссэн бусад сумдад хүрч, ажлынхаа үр дүнгээс хуваалцахын тулд анхны уулзалтуудаа эхлүүлээд байна.
ҮНДЭСНИЙ БОДЛОГОД НӨЛӨӨЛӨХ, ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГ ДЭМЖИХ
Орон нутагтаа ажиллахын хажуугаар бид үндэсний хэмжээний бодлогод нөлөөлөх, тэр дундаа үйлдвэрлэгчийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд илүү анхаарч байна: бидний хэрэглэж буй бараа бүтээгдэхүүн, тэдгээрийн сав баглаа боодлыг үйлдвэрлэгч, импортлогч, борлуулагчид үүсгэж буй хог хаягдалдаа хариуцлага хүлээх үүрэгтэй гэж бид үзэж байгаа юм. Мөн Экосум хуванцарын олборлолтоос хог хаягдал болох хүртэлх бүхий л амьдралын мөчлөгт хамаарах олон улсын гэрээ байгуулах явцыг идэвхтэй дэмжин ажиллаж байна.
Төсөлтэй холбоотой шинэ соргог мэдээлэл авахыг хүсвэл та манай Facebook хуудсыг дагаж манай мэдээллийн товхимолыг захиалаарай.
ЭКОСУМ
© Экосум, 2023 он