PROJET DÉCHETS
PROJET ÉNERGIE / CONSTRUCTION
© 2018 par Ecosoum
АГРО-ЭКОЛОГИЙН ДЭВШИЛ БОЛОН ХҮНСНИЙ ХАРААТ БУС БАЙДАЛ
ТӨСЛИЙН ТУХАЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Бидний газар тариалангийн төсөл 2022 оны 2 сард эхлэсэн бөгөөд 3 жилийн хугацаанд хэрэгжинэ.
Экосумын зорилго нь сумынхаа хүн амын хэрэгцээг бүтэн жилийн туршид хангахуйц хүнсний ногоо, жимсний мод, бутны экологийн, тогтвортой тариаланг хөгжүүлж хүнсний хараат бус байдалд хүрэх юм.
Тус төсөл Хишиг-Өндөр суманд хэрэгжихээр бичигдсэн боловч бидний эцсийн зорилго тус суманд гарсан ололт амжилт, эерэг үр дүнг бусад сумдад мөн хуулбарлан хэрэгжүүлэх юм.
Бидний төсөл 3 үндсэн зорилготой:
1. Хамтаар эрхлэх 6.2 га агро-паркийг байгуулж сумын нийт иргэдэд хүнсний ногоо тогтмол нийлүүлж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болох.
2. Жимсний модны 10 га талбайг сэргээн ашиглаж тогтвортой ажлын байр, орлого нэмэгдүүлэх замаар иргэдийн цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх.
3. Сумын хуучин чулуун зоорийг засварлан ашиглалтанд оруулж ногоо, жимсний хадгалалт, боловсруулалтыг нэмэгдүүлж сумын иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх.
ҮНДСЭН САНХҮҮЖҮҮЛЭГЧИД, ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД
Бидний төслийг Люксембургийн Вант улсын Байгаль, цаг уур, тогтвортой хөгжлийн яамнаас голчлон санхүүжүүлж байгаа бөгөөд Хишиг-Өндөр сумын Засаг Даргын Тамгын Газар төслийн зарим үйл ажиллагааг хамтран санхүүжүүлэх юм.
Тус төслийг Хишиг-Өндөр сумын мэргэжлийн агрономичтой хамтран хэрэгжүүлэх бөгөөд Экосум ТББ-ын хамтрагч байгууллага ПАДЕМ Олон улсын төрийн бус байгууллага мөн дэмжлэг болон ажиллаж байна.
ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛУУД
БҮРЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БҮХИЙ АГРОПАРК
Хишиг-Өндөр суманд хүнсний ногоо тариалахад зориулсан 6.2 га талбай албан ёсоор бүртгэлтэй байдаг. Өнгөрсөн хугацаанд сумын цөөн өрх ихэвчлэн өөрсдийн хэрэгцээнд зориулан бага хэмжээний ногоо тариалсаар ирсэн учир хүнсний ногооны тариалан төдийлөн хөгжөөгүй хэвээр байна. Бид төслөөрөө дамжуулан ногооны талбайн хашааг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэргээр ногооны аж ахуй эрхэлж буй өрхүүдийн санхүүгийн дарамтыг бууруулж, тариалалтын өгөөжийг нэмэгдүүлэхээр зорьж байна.
ЗАГВАР ТАЛБАЙ БАЙГУУЛАХ
Дээр дурдсан агропаркад 0.5 га талбайг хүнсний ногооны загвар талбай байгуулах зорилгоор Экосум-д олгосон бөгөөд тус талбайг сумын агрономич болон туслах тариаланч хариуцан ажиллуулж байна. Багаж, тоног төхөөрөмжийн агуулах, услагааны системтэй энэ талбай нь тариаланчдад зориулсан техникийн үзүүлэн сургалтууд хийх, тариалалтын шинэ арга техникийг турших гэх мэтээр сумын хүнсний ногооны тариаланг хөгжүүлэх зорилгоор ашиглагдах юм.
ХҮЛЭМЖ БАРИХ, АШИГЛАХ
Услагааны систем бүхий 80м.кв зуны хүлэмжийг сумын агрономчийн хашаанд барьсан ба тус хүлэмжинд хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд зориулан сайн чанарын үрслэгээ бэлтгэх зорилготой юм. Тус хүлэмж нь орон нутагтаа тариалсан шинэхэн ногоо хэрэглэх хүсэлтэй болон хүлэмжийн ашиглалттай танилцах сонирхолтой иргэдэд хүртээмжтэй, нээлттэй байдаг.
НОГООНЫ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТУУД
Сумын агрономчийн явуулдаг төлөвлөгөөт сургалтуудаас гадна бид сумын хүнсний ногооны тариалан эрхлэгч иргэдэд зориулсан нэмэлт сургалтуудыг тариалалтын улирал эхлэхээс өмнө болон ургац хураалтын дараа зохион байгууллаа. Сургалтуудад зөвхөн тариаланч иргэд төдийгүй хүнсний ногооны тариалан сонирхсон иргэд, сурагчид ч нээлттэй оролцлоо.
СЭЛЭНГЭ АЙМАГТ ХИЙСЭН ТУРШЛАГА СУДЛАХ АЯЛАЛ
Монгол улсын зарим аймаг сумд, тэр дундаа Сэлэнгэ аймаг хүнсний ногооны тариалалтын туршлагаараа улсдаа тэргүүлдэг. Сумынхаа хүнсний ногоо тариаланчдад туршлага судлах боломж олгож бид Сэлэнгэ аймаг руу аялал зохион байгуулсан юм. Байгалийн бордоо, усалгааны техник, хүнсний ногоо хадгалалт болон дарах даршлах гэх мэт олон чухал сэдвүүдээр их зүйлийг үзэж харж, сурч мэдсэн үр дүнтэй аялал болж чадлаа гэж оролцогчид маань дүгнэсэн.
7.2 ГА ЖИМСНИЙ ЭХ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛОВ
Хишиг-Өндөр сумын газар тариалангийн өөр нэгэн бүсэд бид жимсний модны шинэхэн цэцэрлэг байгууллаа. Төсөлд хамрагдсан иргэддээ бид чацаргана, үхрийн нүд, бөөрөлзгөнө, хөх далан хальс гэх мэт хэд хэдэн төрлийн жимсний модны 6000 гаруй үрсэлгээ хүлээлгэн өгсөн бөгөөд цэцэрлэгээ мод бүрт очих услагааны системээр тоноглолоо.
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХОРШОО БАЙГУУЛЖ, ИДЭВХЖҮҮЛЭВ
Төсөлд хамрагдсан иргэд маань хамтран хоршоо байгуулж, тарьсан моднуудаа хамтын зохион байгуулалттайгаар арчилж байна. Хавар эрт 6000 гаруй жимсний мод болон салхинаас хамгаалах зурвасын моднуудаа хэдхэн өдрийн дотор үр дүнтэй шаргуу ажиллаж, тарьж чадлаа. Хоршоо байгуулах, үйл ажиллагаагаа жигдрүүлэх бүхий л үе шатанд Экосум тэдэнд дэмжлэг болон ажиллаж байна.
Төсөлтэй холбоотой шинэ соргог мэдээлэл авахыг хүсвэл та манай Facebook хуудсыг дагаж манай мэдээллийн товхимолыг захиалаарай.
ЭКОСУМ
© Экосум, 2023 он